Зарим улс орнуудад хэвлэл мэдээллийн байгууллагууд чөлөөт сэтгүүлчдээр мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг хийлгэж цацах нь нэлээд түгээмэл байдаг. Харин манай улсад хараахан түгээмэл бус. Чөлөөт сэтгүүлч гэдэг нь таны нэгэн адил сэтгүүлч гэхдээ ямар нэг хэвлэл мэдээллийн байгууллагад бүтэн цагаар ажилдаггүй. Гэхдээ бусад сэтгүүлчтэй яг адил мэдээ, нийтлэл бичиж нийтэлдэг. Тэд бичиж хэвлүүлсэн нийтлэлийнхээ төлбөрөөр цалинждаг ба гэрээсээ эх сурвалжтайгаа холбогдож, гэрээсээ эсвэл кофе шопт суугаад нөүтбүүк дээрээ мэдээ нийтлэлээ бичдэг.

Чөлөөт сэтгүүлчийн ажил амьдрал бусад ажил мэргэжлийн адил давуу болон сул талтай. Чөлөөт сэтгүүлчид бүтэн цагаар ажилдаг сэтгүүлчидтэй харьцуулахад арай илүү цаг завтай байдаг ч сул тал нь ихэнхи хэвлэлүүд мөнгөө өгөхгүй удах эсвэл дэндүү бага хөлс өгөх нь элбэг. Та чөлөөт сэтгүүлч болъё гэж боддог бол дараах бичвэрийг заавал харахыг зөвлөе. Тэд хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлдэг талаар дата сэтгүүл зүйг ашиглан илүү сайн ойлголт авцгаая. Америкийн North Eastern сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн нэгэн магистерийн оюутан Чөлөөт сэтгүүлчдийн авдаг төлбөрийн талаар дата сэтгүүл зүйн бүтээл гаргасныг доор сийрүүлэн та бүхэнд хүргэж байна.

Чөлөөт сэтгүүлчдийн нээлттэй платформ болох WhoPaysWriters сайт дахь үнийн мэдээлэлд тулгуурлаж ямар хэвлэл хамгийн өндөр үнэлгээтэй байдаг, ямар нь хамгийн бага үнэлгээтэй байдаг, дунджаар чөлөөт сэтгүүлчид хэдэн ам.долларын төлбөр авч байгааг гаргажээ.

Who Pays Writers сайтанд байрлуулсан 1200 гаруй хэвлэлийн байгууллагын нэр дээр дараад таны нийтлэлийн нэг үгийг хэрхэн үнэлж хэдий хугацаанд мөнгөө шилжүүлснийг бичиж оруулж болдог. Энэ платформд мэдээлэл оруулсан сэтгүүлчдийн 60 хувь нь нэг үгээ 0.25 центээр үнэлүүлдэг гэжээ. Ихэнхи хэвлэлүүд 500-1000 үгтэй нийтлэл авдаг ба чөлөөт сэтгүүлчид үгийн тоогоороо төлбөрөө авдаг. Дээрх 60 хувьд нь Slate, NPR, Buzzfeed, Vice болон The Atlantic зэрэг нэр хүндтэй томоохон хэвлэлүүд орсон байна. Харин зарим сэтгүүлчид Атлантик гэх мэт томоохон хэвлэлээр нэрээ гаргах хүсэлтэй байгаагаас болж нэгж үг нь 25 центийн төлбөртэй байсан ч нийтлэл бичиж өгөхөд бэлэн байдаг нь чөлөөт сэтгүүлч хийж амьдралаа залгуулдаг сэтгүүлчдэд таатай явдал бишээ. Дэлхий нийтээр хамгийн зохистой үнэлгээг 0.50 цент гэж үздэг. 0.50 цент нь тухайн нийтлэлийг бичихэд зарцуулсан цаг хугацаа хөдөлмөр зүтгэлийг нөхөх боломжтой гэж үздэг. Гэхдээ 2000 үгээс дээш үгтэй нийтлэл авдаг газар ч байдаг. Мөн тухайн нийтлэлийн чанараас шалтгаалж үнэлгээ их, бага байдаг нь зарим жишээнээс харагдаж байна. Жишээ нь New York Times сэтгүүлчдэд 0.10 центээс 1.50 бүр 2.00 доллар ч төлжээ.

Чөлөөт сэтгүүлчдэд тулгардаг дараагийн том асуудал бол хэвлэлүүд мөнгөө шилжүүлэхгүй удаах явдал. Төлбөрийг 30 хоногт багтаан төлдөг нийтлэг жишиг байдаг ч Vice, The New York Times, The Billfold болон Broadly гэх мэт хэвлэлүүд 3 сар хүртэл хугацаагаар мөнгөө шилжүүлээгүй тохиолдолд ч байна. Мөн The Guardian, U.S. News & World Report, The Atlantic болон Rolling Stone зэрэг хэвлэлүүд хоёр сарын дараа мөнгөө шилжүүлдэг байна.

Та эх нийтлэлийг холбоосоор орж унших боломжтой.