Дата сэтгүүл зүй гэж юу вэ?

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар сэтгүүлчид дата сэтгүүл зүйд суралцаж, түүнд суурилсан бүтээл хийх боллоо. Дата сэтгүүл зүй гэж юу вэ? Хэрхэн сайн өгүүлэмжтэй бүтээл хийх вэ? Энэ талаар товч өгүүлье.
Дата сэтгүүл зүйн тухай маш олон тодорхойлт бий. Хамгийн энгийнээр хэлбэл “Өгүүлэмж бүхий өгөгдөл” эсвэл “Өгөгдөлд суурилсан сэтгүүл зүй” гэж хэлж болно.
Хэдийгээр өгөгдөл нь эрэмбэ дараатай байсан ч дангаараа хэзээ ч төгс утга агуулахгүй юм. Дан дата бол тухайн бүхэл бүтэн өгөгдлийн зөвхөн нэг хэсэг мэдээлэл юм. Бид бүхий л цогц мэдээллийг агуулсан өгөгдөлтэй биш харин дан дататай “найзлах” үед мэдээлэлтэй болдог.
Сэтгүүлчид 5W1H буюу Хэн, Юу, Хэзээ, Хаана, Яагаад, Яаж гэсэн асуултыг өдөр бүр ашиглаж чанартай мэдээлэл, мэдлэг буюу өгөгдөл олж авдаг. Цуглуусан өгөгдлөө ухаалгаар ашиглах боломж бидэнд бий.
Дата сэтгүүл зүйн бүтээлийг бүрэн баригдсан байшинтай зүйрлэвэл түүний суурь, хана, дээвэр зэрэг хамгийн гол тулгуур нь өгөгдлөөс бүрддэг байна.

Дата сэтгүүл зүйн бүтээл хэрхэн төрж байна вэ?

Сэтгүүл зүй бол маш өрсөлдөөнтэй, мэргэжлийн салбар. Одоо ч, ирээдүйд ч дата нь бидний ухаалаг ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм. Сэтгүүлчид бэлэн мэдээлэлд итгэж суухын оронд өгөгдлийг эрж, олж, цуглуулах бүрэн боломж бүрдчихээд байна. Өнөөдөр тэд сонгосон өгөгдлөө шүүрдэн авч, боловсруулж, бүтээлдээ буулгасаар байгаа. Энд эрэн сурвалжилга, асуудал хөндсөн өгүүлэл гэх мэт шинжлэлт бичлэгийн төрөл зүйлийг дурьдаж болох юм
Тиймээс ч сүүлийн жилүүдэд сэтгүүлчид дата сэтгүүл зүйд суралцахын хамт өрсөлдөж эхэлсэн. Үүний нэг нь ХАКАТОН юм. Хакер буюу мэдээлэл технологийн мэргэжилтэн, сэтгүүлчид хамтран Хакатоны үеэр тодорхой сэдвээр дата сэтгүүл зүйн бүтээл хийж байна. Хакер нь мэдээллийг олох, цуглуулах, боловсруулахад мэргэшсэн бол сэтгүүлчид тэрхүү мэдээллээс аль нь олон нийтэд хэрэгтэй, үнэ цэнэтэй болохыг таньж мэддэг, түүнийгээ боловсруулах чадвартай билээ.
Тиймээс ердөө 24-48 цагийн дотор нийгэмд бугшсан, нуугдсан, тодорхой бус байсан мэдээллийг хамтдаа илчилж, дата сэтгүүл зүйн бүтээл хийж эхэлсэн юм.

Дата төрөл

Хэвлэл мэдээллийн мэргэжилтэнгүүд дата сэтгүүл зүйг худалдаалж эхэлсэн. Өгөгдлийг дүрсжүүлж буй хэрэглэдэхүүн (tools) биш харин түүнтэй ажиллаж дүн шинжилгээ хийх, мэдээллийг багцлан харж өөрийн болгох чадвар нь зах зээлд илүү хүчтэй байна. Тухайлбал бид дүн шинжилгээ хийхдээ доорх дөрвөн төрөлд өгөгдлийг ангилж болно.

  1. Цаг хугацааны дата – энэ нь “Хэзээ” гэдэгт төвлөрнө. Энэ нь нэг ба түүнээс дээш ухагдахууныг харуулсан цогц өгөгдөл юм. Тухайлбал тухайн өгөгдлийн өсөлт, уналтын рэйтинг, оргил үеийг харуулна. Мөн цаг хугацаа, улирал, болсон үйл явдлын дараалал зэргийг багтаадаг.
  2. Газар зүйн дата – Газар зүйн мэдээллийг ашиглаж байрлал, хөдөлгөөн болон бусад холбоотой мэдээллийг оруулна.
  3. Сэдвийн дата – Гол сэдвийг тодорхойлсон өгөгдөл юм. Сэдэвт багтсан мэдээллийн уялдаа холбоо, цаг хугацаа, орон зайны хувьсал зэрэг орно
  4. Сүлжилдсэн дата – Харилцан хамаарлыг тодорхойлох өгөгдөл юм. Үүнд хэмжээ, нятрал, бүтэц, гол агуулга зэрэг орж болно.